Энэтхэг улсын өмнөд нутагт байдаг Телангана мужид химийн үйлдвэр дэлбэрчээ. Химийн үйлдвэр дэлбэрэх үед амь үрэгдсэн хүний тоо одоогоор 35 болж нэмэгдсэн байна. Мөн тооны хүн бэртэж гэмтсэн тухай өнөөдөр мэдээлжээ.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө Телангана мужийн Сангаредди хотод болсон байна. Дэлбэрэлт хүчтэй байсан тул үйлдвэрийн ойр орчимд хог хаягдал ихээр цацагдаж, өтгөн хар утаа гарч байжээ.
Химийн үйлдвэрийн барилга бүхэлдээ нурж унасан. Барилгын нуранги хогийг экскаватороор цэвэрлэх ажил үргэлжилж байна. Осол гарсан эхний өдөр нас барсан хүний тоог 12 гэж мэдээлж байсан. Гэвч барилгын хогийг цэвэрлэх үед үлдсэн хохирогчдын цогцос олдсон байна.
Ослын талбай дахь барилгын хог нурангийг цэвэрлэх ажил дуусаагүй. Тиймээс амь насаараа хохирсон хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг холбогдох хүмүүс сэрэмжлүүлж байна.
Сигачи Индастрийс гэдэг үйлдвэрт дэлбэрэлт болсон бөгөөд дэлбэрэлтийн дараа гал түймэр газар авсан байна. Тус үйлдвэр нь хоол хүнсний бүтээгдэхүүн болон эм бэлдмэл хийхэд түгээмэл ашигладаг микрокристалл целлюлозыг үйлдвэрлэдэг байжээ.
Сигачигийн үйлдвэр Энэтхэг улсад нийт гурав байдаг. Уг үйлдвэр жил бүр 21,700 сая метр тн микрокристалл целлюлоз үйлдвэрлэдэг ажээ.
Ослын шалтгааны талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй. Гэхдээ үйлдвэрийн үйл ажиллагааг эхний ээлжинд гурван сар буюу 90 хоногийн хугацаанд албан ёсоор зогсоолоо. Үйлдвэрийн тоног төхөөрөмж ослын үеэр үнс нурам болжээ.
Энэтхэг улсад үйлдвэрийн осол аваар гарах нь ховор биш үзэгдэл юм. Үйлдвэрийн осол их гардаг нь төлөвлөлт муу, аюулгүй ажиллагааны дүрэм журмын хэрэгжилт сул байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарладаг.