Азийн цанын холбооноос энэ долоо хоногт Тайланд улсад дугуйт цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
“Asian Cup 2025” уралдааны насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн залуучуудын дэлхийн аварга А.Хүслэн сүүлийн уралдаандаа дөрөвдүгээр байр эзэлжээ.
Монгол Улсын гүйлтийн цанын шигшээ багийн тамирчин А.Хүслэн “Asian Cup 2025” тэмцээний 1,3 км зайд 12-р байр, 15 км зайд 14-р байр эзлээд байсан. Тэрээр тэмцээний хамгийн сүүлийн уралдаан болох ойн зайн 200 м-т дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ тэмцээнд Казахстан, БНСУ, Тайландын тамирчид өндөр амжилт үзүүлж, медалийн эзэд болсон байна.
Азийн цанын холбооноос зохион байгуулж буй дугуйт цанын цуврал тэмцээн ирэх наймдугаар сард БНСУ-д, сүүлийн уралдаан нь есдүгээр сард Казахстан улсад болно.
Ташрамд дуулгахад, 2024 онд Итали улсад болсон дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний U19 насны ангилалд Монгол Улсын тамирчин Ариунжаргалын Хүслэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн билээ. Тэрээр 200 метрийн зайд 17 орны 34 тамирчинтай уралдаж, аваргын алтан медаль хүртсэн юм. Энэ амжилт нь Монгол улсад төдийгүй Ази тивдээ анхдагч амжилт болсон.


