Тайландад болсон хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монголын баг оролцсон билээ.

Манай улсын эмэгтэй шигшээ баг нийт дөрвөн тоглолт хийж нэг ч оноо авч чадалгүй тэмцээнээ дуусгалаа. Харин Монголын баг Иракын шигшээ багтай хийсэн тоглолтод хоёр гоол оруулсан юм. Энэ тоглолтод манай багаас Б.Мөнхзул, Ө.Бадамхатан нар гоол оруулсан билээ. Тэд Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод гоол оруулсан тамирчдын нэг боллоо.

Монголын баг багтсан “В” хэсгээс энэтхэгчүүд дөрвөн тоглолтод нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүллээ. Энэ хэсэгт хамгийн өндөр амжилтыг тэмцээнийг зохион байгуулагч Тайландын баг болон Энэтхэгийн шигшээ багууд үзүүлээд байсан. Хоёр багийн шийдвэрлэх тоглолт өчигдөр болж, Энэтхэгийн эмэгтэйчүүд 2:1-ээр ялалт байгуулжээ. Ингэснээр Энэтхэгийн шигшээ баг хэсгээ дөрвөн хожилтой тэргүүлж, цааш Вьетнам, Филиппин, Тайвань, Хойд Солонгос, Австрали, БНСУ зэрэг чансаа өндөр багуудтай өрсөлдөх эрх авлаа.

Монголын баг багтсан “В” хэсгийг Энэтхэг дөрвөн хожил авч 12 оноогоор тэргүүлсэн бол Тайланд, Зүүн Тимор, Иракын багууд удаалав.