Жил бүрийн үндэсний их баяр наадмын өмнө наадамчин олон наадмын түрүү бөх хэн байх талаарх таамгийг уралдуулдаг. Сонирхогчдоос гадна бөх тайлбарлагч нар ч мөн наадамд дээгүүр барилдах бөхчүүдийг нэрлэж, аль нутгийн бөх өнгөтэй байгаа талаар өөрсдийн таамгаа дэвшүүлсээр байна. МҮБХ-ноос зургаадугаар сарын 14-нд гаргасан улирлын шилдгүүд буюу чансаагаар тэргүүлсэн найман бөхийг бөхийн хорхойтнууд өндөр даваанд барилдана хэмээн нэрлэж буй.
ШИЛДЭГ НАЙМЫГ Б.БАТ-ӨЛЗИЙ ӨНГӨЛЖ, О.ХАНГАЙ СҮҮЛ МУШГИЛАА
Монголын үндэсний бөхийн холбооноос 2024-2025 онд Монгол бөхийн өргөөнд болсон улирлын барилдаанаас шилдэг найман бөхийг тодруулан, нийтэд зарласан. Энэ удаагийн чансааны тэргүүн бөхөөр улсын заан Б.Бат-Өлзий 11350 оноогоор шалгарсан. Түүний араас улсын начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, Н.Өсөхбаяр нар удаалсан. Оны эхэнд чансааг тэргүүлж явсан улсын аварга О.Хангай харин наймдугаар байрт бичигджээ. Эхний найман бөхөд улсын аварга, арслан цолтой бөхчүүдээс гадна аймгийн хурц арслангууд олноор орж ирснээрээ онцлог юм. Ганц нэгээрээ биш гурвуулаа орж ирсэн. Тэд бол Дундговийн Н.Амгаланбаатар, Сүхбаатарын Н.Өсөхбаяр, Хэнтийн Д.Алтанцоож нар билээ. Аймгийн арслангууд заалны барилдаанд өнгөтэй сайхан барилдаж улсын цолонд ойр байгаагаа баталсан. Мөн бөх сонирхогчдын зарим нь тэднийг түрүү бөхөд нэрлэж буй.
Чансаа өндөр найман бөх:
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий /33 нас/ 11350 оноо
- Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай /24 нас/ 10300 оноо
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /22 нас/ 10050 оноо
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /27 нас/ 9700 оноо
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож /30 нас/ 9400 оноо
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр /28 нас/ 9100 оноо
- Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /35 нас/ 8800 оноо
- Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай /35 нас/ 8600 оноо
Чансааг өнгөлсөн улсын заан Б.Бат-Өлзий 11 жилийн өмнө аймгийн харцага цолтойгоор заалны барилдаанд анхлан түрүүлж байлаа. Тэр цагаас хойш том, жижиг нийлсэн 31 барилдаанд түрүүлсэн бяртай заан гэдгээ харуулж чансааг өнгөллөө. Улсын заан Б.Бат-Өлзийгийн дараалсан ялалтууд энэ удаагийн чансааг итгэл төгс тэргүүлэхэд хүргэсэн юм. 2025 оны заалны барилдаанд хоёр удаа түрүүлж, гурван удаа үзүүрлээд буй Э.Батмагнай начин чансааны хоёрт бичигдсэн. 21 нас 6 сар 0 хоногтойдоо улсын цолны босго давсан тэр энэ жил одтой, иртэй байгаа. 2024 оны арванхоёрдугаар сарын 29-нд 23 насандаа Ерөнхийлөгчийн цомын эзэн болсон түүнийг урамтай барилдаанаараа энэ наадмын тааварт түрүү, үзүүрт үлдэнэ гэж итгэж байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ерэнтэй: -Монгол бөхийг барилдахаас бусдаар бөхчүүдээс ч илүү мэддэг бөхийн хорхойтнууд Баянхонгорын Э.Батмагнай начинг энэ 2025 оны Улсын баяр наадамд түрүүлэх бөхийн тааврын жагсаалтын нэгд нэрлэж байсан. Наадамчин олон, тэр дундаа бөхийн хорхойтнууд Баянхонгорын Г.Занданшатар Ерөнхий сайд болсны учир тохиолын бэлгэ дэмбэрлээс үл хамааралтайгаар Улсын баяр наадамд түрүүлнэ гэж итгэж найдаж буй. Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлснээр Улсын баяр наадмын түрүү үзүүрийн бөхийн эрэмбэтэй хүчтэн болохоо батлан харуулсан.
Мөн Сар шинийн барилдаанд түрүүлж өнгөтэй байгаагаа харуулсан улсын аварга О.Хангайг энэ жилийн наадамд түрүүлэх бөхийн нэг хэмээн нэрлэсээр байгаа юм. Түүний урд нас чацуутнууд болох улсын арслан Б.Орхонбаяр, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар бичигдсэн.
Бөх тайлбарлагч Н.Хүрэлбаатар: -Улсын дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, П.Бүрэнтөгс нарын олон бөхчүүдийг төрийн наадамд түрүүлнэ гэж харж байна. Мэдээж байнга тааварт байдаг бөх бол улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, заануудаас Б.Бат-Өлзий, А.Сүхбат, чөлөөт бөхөөр идэвхтэй барилддаг М.Лхагвагэрэл байна. Эдгээр бөхчүүд дээгүүр барилдана гэж харж байна. Энэ жил харцага Б.Зоригтбаатар өнгөтэй сайхан байна. Улсын цолонд ойр аймгийн арслангууд олон болжээ. Мэдээж хамгийн түрүүн Дундговийн Н.Амгаланбаатар, Хөвсгөлийн М.Баасанжав, Хэнтийн Д.Алтанцоож, Сүхбаатарын Н.Өсөхбаяр нарын аймгийн арслангууд бий. Энэ жил заалны барилдаанд тасралтгүй барилдаж байгаа бөхийн нэг бол улсын арслан Э.Оюунболд. Олон жил барилдаагүй арсланг их сайн барилдана гэж харж байна. Э.Оюунболд арслан бэлтгэл сайн байгаагаа Даншиг наадмаар харуулна. Түүний барилдааныг харж байна. Бөхчүүд наадмын үндсэн бэлтгэлд гараад эхэлчихлээ. Тиймээс наадмын бэлтгэл хэр байна тэр хэмжээгээр бөхчүүдийн барилдааны ур чадвар харагдана.
Э.ОЮУНБОЛД, Ц.СОДНОМДОРЖ БА УЛСЫН ЦОЛОНД ОЙР БӨХЧҮҮД
2019 оны Үндэсний их баяр наадамд түрүүлж, Монгол Улсын аварга цолонд хүрсэн ч Э.Оюунболд допинг хэрэглэсэн тул барилдах эрхээ хасуулсан. Хэнтий нутгийн хүчтэн гурван ч удаа допингийн асуудлаар шийтгэл авч дундуур нь ганц нэг барилдсаныг эс тооцвол зургаан жил барилдаагүй гэхэд хилсдэхгүй. Э.Оюунболд арслангийн шийтгэлийн хугацаа дуусаж энэ хавар Бөхийн өргөөнд болсон барилдаанд зодоглож эхэлсэн. Дэвжээндээ эргэн ирсэн цагаасаа хойш барилдаан алгасалгүй зодоглож буй тэрээр энэ жилийн наадмын түрүү бөхийн тааварт зүй ёсоор багтана. Олон жил дэвжээнээсээ хол байсан гэхэд урамтай сайхан барилдааныг үзүүлсээр байгаа. Жил, жилийн наадмаар хурц барилдаанаараа наадамчин олноо баясгадаг улсын арслан цолтнуудын нэг болох Ц.Содномдорж Монгол бөхийн өргөөнд бараг зодоглоогүй. Гэхдээ энэ жилийн арслан цолтнуудын барилдаанд тав давж, их шөвөгт үлдсэн. Ц.Содномдоржийг цол нэмнэ гэдэгт наадамчин олон жил бүр харсаар байдаг. Тэрээр энэ жилийн заалны барилдаанд иртэй байгаагаа харуулаад амжсан.
Бөх сонирхогчдын дунд улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Э.Батмагнай нарыг түрүүлэх магадлалтай гэж олон удаа нэрлэж байна.
Энэ жилийн наадмын барилдааны шөвгийн дөрөвт үлдэх хүмүүсийн нэрс дунд Н.Батсуурь, Б.Орхонбаяр, О.Хангай, Б.Бат-Өлзий, С.Сүхбат, М.Лхагвагэрэл, Э.Батмагнай нар зүй ёсоор бичигдэх болно гэж бөх тайлбарлагчид онцолж байна.
Н.Амгаланбаатар, Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож нараас гадна аймгийн арслан Ч.Алтангэрэл, Б.БатОрших, Е.Көптилек, Ц.Төмөрцоож, Э.Баасанжав, Х.Наранбаяр, Э.Мөнхбаатар нарыг улсын цолонд хүрнэ хэмээн харж байна. Чансааны эхний 20-д бичигдсэн нь ч улсын цолонд ойр буйг илтгэнэ. Харин аймгийн цолтой бөхчүүдийн чансааг тэргүүлсэн аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар таамаг бүрийн дээгүүр бичигдсээр байна.
Төрийн наадамд хэн гэдэг аавын хүү түрүүлэхийг хувь заяа нь мэдэх биз ээ. Ёстой нөгөө “Тэр өдрийн тэнгэр мэдэж тэнэг миний аз мэдэг, тэр зүгийн тэнгэр мэдэж түүний цаана заяа мэдэг” гэдэг шиг л.