Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 642 дахь дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дагуурт багтсан онцлох нийтлэлүүдээс танилцуулъя.

Нэг. Амьдрал хэцүү байгаа ч амлалтаа мартаж болохгүй

МАН-ын амласан шиг ядуурал хоёр дахин буурах бус эсрэгээрээ иргэдийн худалдан авах чадвар л хоёр дахин буурч байгаа. Эдийн засгийн өсөлтийг ч тогтмол 7-8 хувь байлгах амлалт нь нуран унасаар байна. 2024 онд л гэхэд эдийн засгийн өсөлт 4.9 хувь байлаа. 2025 оны эцэст Монгол Улсын эдийн засаг 5.2-5.9 хувийн өсөлттэй байна гэж Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк таамаглаад байгаа.

Инфляц ч Монголбанкны төсөөллөөс үргэлж давж өссөөр байна. Энэ нь тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх бодит шаардлагыг үүсгэж байгаа юм. Гэхдээ төсвийн орлого тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэх боломж олгохооргүй тасалдаж байгаа.

Хүний хамгийн анхдагч хэрэгцээ бол тав тухтай орон байр. Залуучууд орон сууцтай болохын төлөө хөдөлмөрлөдөг. Тиймээс МАН нийгмийн даатгал төлдөг ажилтан бүр орон сууцны зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхээ амласан. Энэ амлалт амьдрал дээр хэрэгжих боломжгүй байгаа. Энэ мэтээр амлалт, амьдрал хоёр зөрж байна.

2028 оны сонгуулийн өмнө иргэд эрх баригчдаас амлалтаа хэрхэн биелүүлснийг нь асууна. Өмнөх бүрэн эрхийн хугацаанд нь дэлхий дахинд цар тахал дэгдэж давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Харин энэ удаагийн хүндрэлийн шалтгаан бол түүнтэй адилтгах шалтгаан биш. Цар тахлын үе шиг хүссэнээ хийх боломжгүй үе биш. Энэ удаагийн нөхцөл байдал төсөв санхүүгийн оновчтой бодлого хэрэгжүүлэхийг л шаардаж байна. Шинэ Ерөнхий сайд энэ шаардлагыг хэрхэн биелүүлэх вэ. Амьдрал хэцүү байгаа ч амлалтаа мартаж болохгүй шүү, Ерөнхий сайд аа. Та өмнөх Ерөнхий сайдынхаа батлуулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх л үүрэгтэй.

С.Шийлэгтөмөрийн "Амлалт, амьдрал хоёрын зөрүү" нийтлэлээс

Хоёр. Өвдөх өртөг улам нэмэгдэж байна

Монгол Улс хүн амд ногдох эмнэлгийн ор, эмчийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Харамсалтай нь өвчлөл өндөр байгаа учраас эмийн болон бусад зардалд иргэдийн төлсөн даатгал ихээр зарцуулагддаг. Засах зүйл их байна. Гүйцэтгэлийн санхүүжилтын үр дүн урт хугацаандаа гарна. Сайжруулаад үргэлжлүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байсан.

Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн үр ашиггүй бодлого, өвчлөл, эмийн картелиудын нөлөө, тендерийн авлигаас үүдэж Эрүүл мэндийн даатгалын сан ихээхэн алдагдалтай байгааг бид мэддэг. Санхүү эдийн засгийн ийм хүндрэл энэ салбарыг бүсээ чангалахаас аргагүйд хүргэсэн. Үр дүнд нь өвчтөнүүдэд ингэж мэдрэгдэж байна. Мэдээж иргэд даатгалаар үйлчилдэг учраас улсын эмнэлгийг бараадна. Хэвтэж чадахгүй нь хувийнх руу явна. Өвдөх өртөг улам л нэмэгдэж байна.

Г.Улсболдын "Өвдөх өртөг" нийтлэлээс

Гурав. Шийдлээ хүлээсэн ТӨК-иуд шинэ засгийг угтлаа

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ТӨК-иудын мэдээллийг ил тод болгож, өөрчлөн зохион байгуулах чиглэлд алхам хийсэн ч том өөрчлөлтөө хийж амжаагүй. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлээр ТӨК-иудын өгөөжийг 40 хувь нэмэгдүүлэхээр заасан ч бодит байдал дээр олонх нь алдагдалтай, шахаа, томилгоо, тендэр тойрсон маргаанаас өөр зүйл алга. Төрийг данхайлгасан олон яам, агентлаг, газар хэлтсийн адилаар ТӨК-иуд өнгөрсөн хугацаанд төрийг тогтвортой байлгах, гомдогсдыг хийгээд горьлогсдыг албан тушаалтай байлгах, эвссэн намууддаа квотоор суудал өгч тогтоон барих хэрэгсэл байсан бол одоо зоригтой өөрчлөлт хийхгүй бол алдагдалтай төсөвтэй засагт алдагдалтай ажилладаг компаниуд ачаа л болно. Шинэ Ерөнхий сайдыг угтаж байгаа том асуудлуудын нэг нь энэ юм.

С.Эрдэнэбаярын "Данхар төрийн нэрмээс" нийтлэлээс

Дөрөв. Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах шаардлага

Нийгмийн даатгал бол татвар биш. Төрд итгэж шимтгэлээ төлсөн даатгуулагч хамгаалалт авна гэдэг утгаараа энэ бол нийгмийн гэрээ юм. Харин энэ гэрээ шударга биш болж, нэг хэсэг нь бүх ачааллыг үүрч, нөгөө хэсэг нь системээс гадуур үлдэх аваас итгэлцэл алдагдаж, хамрах хүрээ хумигддаг. Өнөөдөр олон хүн НДШ-ийг ийм нэртэй татвар төдий харж байгаагийн цаад шалтгаан итгэлцлийн хямрал нүүрлэснийг харуулна.

Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээний орлогоос албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл суутгахаа больсноор иргэд орлогоо нэмэгдүүлж, бизнес эрхлэгчид шаардлагтай ажил, үйлчилгээгээ авч, далд байсан олон мянган гэрээ ил болсноор төр ч татварын орлогоо нэмэгдүүлэх зэрэг боломж бүрдэх юм. Зөвхөн энэ өөрчлөлтийн үр дүнд гурван жилийн дотор 83 орчим тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөж, 1500 гаруй ажлын байр бий болох тооцоолол бий.

УИХ-ын гишүүн Б.Түвшингийн "Бизнесийн орчинд дарамт учруулж, хуулиас гадуурх далд эдийн засгийг бий болгоод байгаа зохицуулалтууд бий учраас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт хийе гэж байгаа юм" нийтлэлээс

Тав. Орлогоос давсан өрийн дарамт нэмэгдсээр...

Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын конвенцоор хүний авах тэтгэврийн хэмжээг өнгөрсөн хугацаанд авч байсан цалингийн 45 хувиас багагүй байлгах шалгуур тавьдаг. Манай улс ч энэ босгоор тэтгэврээ тогтоодог. Тэтгэвэрт гарснаар орлого шууд 50 хувиар буурч,  дийлэнх нь амьжиргаандаа хүрэхгүй доод хэмжээгээр тэтгэвэр авах нөхцөл рүү түлхдэг тогтолцоотой. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох асуудлыг ярьсаар удаж байгаа ч үйлдэл хийгээгүй хэвээр. Өнөөдрийн байдлаар нийт тэтгэвэр авагчдын 54 хувь нь доод хэмжээний тэтгэвэртэй. Энэ онд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572 мянган төгрөгт хүрсэн. Гэхдээ энэ мөнгөөр сарын урсгал зардал, хоол хүнс, эм тариагаа авч хүрэлцдэггүй. Иймээс ч ахмадууд зээл авч урд хормойгоо хойд хормойгоороо нөхөхөөс аргагүй.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 514 мянга байгаа бол 281.2 мянган иргэн тэтгэврийн зээлтэй. Нэг зээлдэгч дунджаар 6.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бол зээлтэй иргэд зээлийн төлбөрт сардаа 675 мянган төгрөг төлж байна. Тэтгэврийн зээлдэгчийн дундаж өр, орлогын харьцааг харвал 84.2 хувь байгаа нь зээлийн төлбөрийн дарамт өндөр байгааг харуулж буй юм. Зээлийн дарамт өндөр байгаагаас шалтгаалж тэтгэврийн зээлтэй иргэдийн хувьд зээлээ төлж дуусахаас өмнө зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж нэмж зээл авах хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хэмжээг зээл болон хүүгийн төлөлт нэг сарын тэтгэврийн 50 хувиас хэтрэхгүй байх, 12-24 сарын хугацаатай, сарын 1.4-1.6 хувийн хүүтэйгээр олгож байна.

М.Мөнхжаргалын "Тэтгэврийн зээлийг хазаарлахын учир" нийтлэлээс

Зургаа. Тогтвортой гэр бүл тогтвортой улсын эх

Эерэг, хүмүүжилтэй, эрүүл дадалтай зөв монгол хүүхэд, сэтгэл зүйн хувьд тогтвортой, өндөр бүтээмжтэй, ёс суртахуун, үнэт зүйлийг эрхэмлэдэг зөв монгол иргэн, тогтвортой, эрүүл, өсөлт, хөгжилд суурилсан нийгэм зэрэг олон асуудлын углуурга, гол цөм нь зөв, эрүүл харилцаатай бүтэн бүл юм. Учир нь, гэр бүл бол хувь хүнд төдийгүй нийгэмд хамгийн нөлөө бүхий амьд тогтолцоо, соёл, хэм хэмжээний голомт. Тиймээс тун товчхондоо, Монгол Улс, Монголын ирээдүй ямар байх нь монгол өрх, гэр бүлээс шууд хамаарна.

Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд манай улс гэр бүлийн харилцааны нийгмийн ач холбогдлыг төдийлөн чухалчилдаггүй, уг бүлгийг хувийн, бичил нэгжид хамаатуулсаар иржээ. “Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгайн дотроо” зэрэг хэлц ч монголчууд гэр бүлийн асуудалд хэрхэн хандаж хэвшсэнийг гэрчилнэ. Мөн 1980-аад оныг хүртэл гэр бүлийн агуулгатай, бие даасан судалгаа хийгдэж байгаагүй нь ч өрхийг зөвхөн хувь хүн, бичил бүлэгт л хамаатай ойлголт мэт хүлээж авдаг байсны нотолгоо юм. Социологич, судлаачид ч үүнийг өгүүлдэг. Гэр бүл рүү чиглэсэн бие даасан судалгаа ховор байдаг нь гэр бүлийг шинжлэх ухааны судалгааны объектод тооцдоггүй, гэр бүл салалтыг хаалттай сэдэв гэж үзэх хандлага давамгайлж ирсэнтэй холбоотой болохыг профессор Д. Тунгалаг “Монгол дахь гэр бүлийн судалгааны өнөөгийн байдал” бүтээлдээ өгүүлсэн байна.

О.Даваасүрэнгийн "Олгой тогооноос хальж хагарах орчин цагийн хэрэгцээ" нийтлэлээс

Долоо. Парламентыг онцолсон ч Засгийн газрыг мартав

Манай парламент 2023 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж,  холимог тогтолцоотой болгосон. Улмаар тойрогт нэр дэвшигчдийн 30 хувиас багагүй нь эмэгтэй байх квотыг баталгаажуулсан юм. Намын жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 харьцаагаар хүйсээр сөөлжлөхөөр тусгасан. Үүний үр дүнд УИХ-ын 126 гишүүний 32 нь буюу 25.4 хувь нь эмэгтэй болов. Ингэснээр Ази тивийн дунджаас давсан амжилт гаргасан. Ази тивийн орнуудын парламентад эмэгтэйчүүд 22.1 хувийг эзэлж буй юм. Өмнө нь манай улсад УИХ-ын нийт гишүүний 17.3 хувь нь эмэгтэй байсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан билээ. Хэдийгээр парламентын түвшинд ийнхүү ахиц гаргасан ч Засгийн газрыг “мартсан” хэвээр. Уг нь улс төрийн шийдвэр гаргах түвшин гэдэг нь зөвхөн парламент биш. Гүйцэтгэх засаглалд ч мөн эмэгтэйчүүдийн оролцоо чухал. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван эмэгтэй сайдтай, нийт танхимынх нь 13 хувийг тэд бүрдүүлж байв. Бас л Жендерийн эрх тэгш байдлыг хангах хуулийг биелүүлээгүй гэсэн үг. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас жил бүр гаргадаг судалгаагаар Засгийн газарт эзлэх эмэгтэйчүүдийн тоогоор манай улс 106-д эрэмбэлэгджээ. Энэ бол 2025 оны нэгдүгээр сард гаргасан судалгаа. Тэгвэл Г.Занданшатар өмнөх Засгийн газраасаа ч дордуулж, эмэгтэйчүүдийн төлөөллийг 10 хувь болгон буурууллаа. Эл үзүүлэлтээрээ бид Перу, Иран, Японтой зэрэгцэн очиж, даруй 50 байраар ухарч буй юм.

Эмэгтэй сайд нарынхаа оролцоогоор Никарагуа улс дэлхийд тэргүүлжээ. Тус улсын Засгийн газрын 14 сайдын ес нь буюу 64.3 хувь эмэгтэй байна. Улмаар Финланд, Исланд улс танхимынхаа 60-61 хувийг бүсгүйчүүдээр бүрдүүлснээрээ удаалж буй юм. Эдгээр орон шиг дийлэнх нь эмэгтэйчүүд болохгүй ч ядаж Жендерийн эрх тэгш байдлыг хангах хуулиа үе үеийн Ерөнхий сайд хэрэгжүүлэх ёстой. Мөн 15 хувь гэдэг нь доод босго болохоос дээд хязгаар биш.

С.Туулын "Хуулиар биш, тохиролцоогоор оноодог квот" нийтлэлээс

Найм. 1990 онд анх есөн хөлт цагаан тугаа Төв цэнгэлдэхэд залсан

Наадмын нээлт, хаалтын ёслолыг дэглэх найруулагч хэн байх вэ гэдэг нь наадамд хаанахын хэн гэдэг бөх түрүүлэх вэ гэдэг шиг жилийн жилд таавар, таамаг уралдуулж, магтаал, шүүмжлэл дагуулдаг сэдэв. Наадам наадмын нээлт өөр болдог. Харин ганц өөрчлөгддөггүй зүйл бий. Хуульчлан журамлачихсан болохоор арга ч үгүй биз. Монгол наадмын сүлд хийморь, амин сүнс нь учир тэр биз.

-Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнд зална.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлнэ.

Жил жилийн наадмын хөтөлбөрт энэ хоёр өгүүлбэр бий. Ирэх долоодугаар сарын 11-ний өглөө Төрийн их цагаан туг Төв цэнгэлдэх хүрээлэнд 36 дахь жилдээ заларна. Энэхүү төв эрхэмсэг бөгөөд сүрлэг, хийморь золбоо төгс ёслол бол монгол наадмын нэг оргил хэсэг билээ. 

1990 онд анх Төв цэнгэлдэхэд заларсан есөн хөлт цагаан туг нь УДЭТ-ынхан “Ээдрээ” жүжигтээ зориулан бүтээсэн туг байжээ. Мэдээж хожим нь Үндсэн хууль болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль батлагдсанаар эдүгээгийн Төрийн Их цагаан тугийг бүтээн залсан байна.

Г.Сонинбаярын "Монгол наадмын хаан тамга" нийтлэлээс

Ес. Идэр насандаа тэрбумтан болж буй алдартнууд

Энэ сард болсон Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Испанийн теннисчин Карлос Алькарас 2550000 еврогийн мөнгөн шагнал хүртсэн. Энэ жил 22 настай Алькарас тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлжээ. Мөн “Их дуулга” тэмцээнд таван удаа түрүүлсэн амжилтыг үзүүлсэн байна. Түүний нийт шагналын сан одоогоор 44 сая 732 мянган ам.долларт хүрчээ. Мөн тус тэмцээний дэд аварга болсон Италийн теннисчин Янник Синнер 1275000 еврогийн мөнгөн шагнал авсан байна. 23 настай итали теннисчин нийт 40 сая ам.долларыг тэмцээний шагналаас олжээ.

Энэ жил 21 настай АНУ-ын залуу теннисчин Коко Гауфф Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэхдээ 2550000 еврогийн мөнгөн шагнал авчээ. Түүний нийт тэмцээнээс олсон мөнгөн шагнал 27 сая ам.долларт хүрсэн байна. Залуу од Коко Гауфф “Форбес” сэтгүүлээс гаргасан 2024 оны дэлхийн хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн хамгийн их орлоготой Топ-20  эмэгтэй тамирчдыг жагсаахад зургаа нь теннисчид байсан юм.

Ч.Болорчулууны "Талбайн теннисээс төрж буй тэрбумтнууд" нийтлэлээс

Арав. Ирээдүйд итгэл алдагсад

Дэлхийн эдийн засагт сүүлийн жилүүдэд олон сорилт тулгарч, инфляц, түрээсийн үнэ тасралтгүй өсөж байгаа нь Generation Z үеийнхний санхүүгийн тогтвортой байдалд шууд нөлөөлж байна. Тухайлбал, АНУ-д залуусын орлогын бараг тал орчим хувийг түрээсийн төлбөр эзэлж байгаа аж. Европын орнуудад ч энэ үзүүлэлт дунджаар 40 орчим хувьтай байгаа нь тэдний хуримтлал үүсгэх боломжийг хумьж байгаа аж.

Монгол Улсын хувьд ч энэ сорилт ижил бэрхшээл дагуулж байна. Үндэсний статистикийн хороо 2024 оны мэдээллээр нийт өрхийн 65 орчим хувь нь ямар нэг зээлтэй бөгөөд зээлийн дундаж хэмжээ 18 сая төгрөг байна. Ипотекийн зээлийн дундаж хэмжээ 100 сая төгрөгт хүрч, байрны урьдчилгаа төлбөр нь залуусын хэдэн жилийн цэвэр орлогоос давж байгаа нь орон сууцтай болох мөрөөдлийг холдуулж, хуримтлал үүсгэх боломжийг улам бүр багасгаж буй.

Тэгвэл энэхүү нөхцөл байдал нь Generation Z үеийн залуусыг томоохон хөрөнгө оруулалт, урт хугацааны өрийн дарамтаас зайлсхийж, түрээсийн эдийн засаг буюу sharing economy-д шилжихэд хүргэжээ. Тэд байр, автомашин, оффисын тоног төхөөрөмжийг худалдан авахаас илүү түрээслэх, хуваалцах Airbnb, Uber, WeWork гэх мэт үйлчилгээг ашиглах нь нийтлэг болжээ.

И.Сарангоогийн "Хуримтлалын эриний төгсгөл үү" нийтлэлээс 

Арван нэг. Хүүхдийн харшил дэлхий даяар хэрхэн нэмэгдэж байна вэ?

1970-2020 оны хооронд хүүхдийн харшлын давтамж 2-3 дахин өссөн байна. Жишээ нь, астма буюу гуурсан хоолойн багтрааны тархалт зарим улс оронд хүүхдийн дунд 10-20 хувьд хүрчээ. Хоол хүнсний харшил, арьсны экзем (атопик дерматит), ургамлын тоосны харшил, амьтны үсний харшил, химийн бодист мэдрэгших зэрэг өвчлөлийн төрөл ч олширч, хүндрэх хандлагатай байна.

ISAAC 1990-ээд оноос хойш дэлхийн 100 гаруй улс орны 6-7 болон 13-14 настай хүүхдүүдийн харшлын өвчлөлийг судалсан хамгийн том хөтөлбөр. Энэхүү судалгааны үр дүнгээр астматай хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдсэн улс орон олон байсан төдийгүй арьсны экзем, харшлын нусгай (аллергик ринит) ч мөн адил өссөн. Өндөр хөгжилтэй орнуудад түвшин өндөр байгаа бол хөгжиж буй орнуудад өсөлт хурдацтай байгаа юм байна.

Европын харшил ба клиникийн дархлаа судлалын академийн тайланд дурдсанаар Европт гурван хүүхэд тутмын нэг нь дор хаяж нэг төрлийн харшилтай, хоолны харшилтай хүүхдийн тоо сүүлийн 10 жилд 2-3 дахин нэмэгдсэн гэсэн дүн гарчээ.

Хүүхдийн харшил ийнхүү өсөн нэмэгдэхэд машины утаа, нарийн ширхэгт тоосонцор, орчны бохирдол мөн эсрэгээрээ хэт цэвэр орчин, хоолны хэв маяг (өндөр боловсруулсан хүнс), ген ба удамшил, байгалиас хол байх зэрэг нөлөөлж байна.

О.Эрдэнэчимэгийн "Нярай ба XXI зууны тахал" нийтлэлээс