Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г “Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”-д оролцож байсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд тус улсад төрийн айлчлал хийж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт бараалхсан.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эзэн Хааны сэнтийд заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” он тоолол эхэлсэн.

Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш Эрхэм дээд Хатан Масакогийн хамт хоёр удаа гадаад улсад айлчлаад байна.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токио хотод төрсөн. 65 настай.Японы Гакүшүин их сургуулийг 1982 онд түүхийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн.

Оксфордын их сургуульд 1983 онд элсэн орж, гидрологи мэргэжлээр суралцаж төгссөн. Оксфордын их сургуульд нэг жил суралцсаны дараа тэрээр Европ, Хойд Америкаар аялж, 1985 онд Японд эргэн ирж, 1988 онд Гакүшүин их сургуулийн магистрантурыг дүүргэжээ. 

Түүний эцэг Япон Улсын 125 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр сэнтийгээсээ бууж, тавдугаар сарын 01-ний өдөр Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Хаан ширээндээ заларсан. Мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Хатан Масако-той 1993 онд гэрлэсэн. Тэдний охин Гүнж Аико нь 2001 онд төрсөн, 24 настай, Японы Улаан загалмай нийгэмлэгийн ажилтан.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 оны долоодугаар сард Монгол Улсад айлчилсан.

Нарүхито Англи, франц хэлийг өндөр түвшинд эзэмшсэн.