УИХ-ын чуулганы хуралдаанаар Барбадос улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Г.Лувсанжамц гишүүн "Карибын тэнгисийн жижиг арлын улстай дипломат харилцаа тогтоож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ дипломат харилцаа тогтоолоо, хоорондоо визгүй зорчдог боллоо гээд орхичихож болохгүй. Энэ улсаас сурах юм их бий.
Би Барбадос улсад олон улсын төслийн зөвлөхөөр ажиллаж байсан. Хүн ам нь 300 мянга хүрэхгүй жижиг улс. Гэхдээ жилд 1.3 сая жуулчин хүлээн авдаг. Газар зүйл байршил, Англи болон АНУ-тай цагийн зөрүүгүйгээ ашиглаж жуулчдыг ихээр татдаг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ маш сайн дэмждэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, ямааны мах экспортолдог зэргээрээ олон улсад танигдаж байгаа улс. ДНБ нь 11.5 тэрбум ам.доллар буюу хүн амдаа хуваахаар манай улсаас тав дахин их. Ийм цөөхөн хүн амтай улс ингэж сайхан амьдарч болж байна.
Олон улсад танигдсан алдартай хүн гэвэл Рианна гээд дуучин байна. Аялал жуулчлалынхаа тал дээр дуучинтайгаа маш сайн хамтарч ажилладаг. АНУ-аас жуулчин татахад Рианнагийн оролцоо их" гэв.