Монгол Улсад энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарт гавьяат тамирчин цол хүртээв
Монгол Улсад анх удаа зохион байгуулсан 3Х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа.
3Х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээв.
Мөн багийн дасгалжуулагч, Канад улсын иргэн Стив Серт хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Найрамдал” одон гардуулсан юм.
3Х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад төрийн дээд олдон медаль олгосноос гадна Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг, MCS групп нэг тэрбум төгрөгийн шагнал олгов.
Түүнчлэн олимп, дэлхийн аваргаас медаль хүртэл тамирчдад төрөөс урамшуулал олгох журмын дагуу тэд ирэх нэгдүгээр сараас эхлэн насан туршдаа сар бүр нэг сая төгрөгийн урамшуулал авах юм.
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хууль батлагдлаа
Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Ингэснээр нийтээр тэмдэглэх баярын амралт амралтын өдөртэй давхацсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлж нөхөн амардаг байхаар боллоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль батлагдсаны дараа "Хууль өнөөдөр эцэслэгдэн батлагдаж байгаа ч Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа зэргийг тооцохоор долоодугаар сарын 10-наас хэрэгжиж эхлэхээр байгаа. Баяр наадмыг зохион байгуулах комисс болон бусад түвшинд өнөөдрийн энэ өөрчлөлт бүрэн тусгагдаж орж ирэхгүй байх талтай. Тиймээс УИХ-ын гишүүд үүнийг зөв ойлгож хандахгүй, хууль батлагдсан байхад хууль зөрчлөө гэдэг асуудлыг баяр наадмын өдрүүдэд хэрүүл болгож асуудал дэвшүүлэхгүй байхыг хүсье" гэв.
Мөн УИХ-ын гишүүн Н.Жаргалан тэргүүтэй гишүүдийн санаачлан боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Уг төслийн агуулга нь жил бүрийн наадмаар ардын хувьсгалын төдөн жилийн ой гэж зарладаг шиг ардчилсан хувьсгалын ойг давхар зарлаж байх тухай юм.
Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтын аяныг эхлүүлэв
Улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, Хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай дархлаажуулалтыг улс орон даяар эхлүүллээ.
Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хамтран улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аяныг эхлүүлсэн юм.
Аяны нээлтийн үеэр Шадар сайд С.Амарсайхан "Улаанбурхан өвчин амьсгал агаар дуслаар дамждаг. Бага насны хүүхэд ихээр өвчилдөг. Манай улсад анх удаа тархаж байгаа асуудал биш. 2015-2016 оны хооронд дэгдэлт гарч 53 мянган халдвар авч 132 иргэн амь насаа алдаж байсан. Тухайн үед 0-6 настай хүүхдийг дархлаажуулж халдварыг бууруулж байсан юм.Одоо хийгдэж байгаа вакцин шинээр туршилтаар хийгдээгүй гэдгийг хэлмээр байна. Төрсөн хүүхдийг нас хүйсээр товлолт хугацаанд хийгдэж ирсэн вакцин. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний 100 мянга гаруй тохиолдол ирсэн. Одоо баяр ёслол дөхөж байна. Зуны дэлгэр цагт олноороо цугларч, баяр наадам тэмдэглэдэг. Энэ үед агаар дуслын замаар улам их тархаж, намар улам эрчимжих хандлагатай байгаа учраас Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос энэ шийдвэрийг гаргаж улс орон даяар 330 сум, есөн дүүргийн эрүүл мэндийн 600-аад төвөөр дамжуулж дархлаажуулалтыг эрчимжүүлж, хийхэд багачуудаа хамгаалах арга авч байна. Улаанбурхан өвчний вакцин дэлхийн нийтэд хэрэглэгдэж байгаа” гэв.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн салбарын ажилчид бид уртасгасан цагаар, эрчимжүүлсэн бэлэн байдалд орж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гээд ажиллаж байгаа. Явуулын баг гаргасан байна. Та бүхэн энэ зүтгэлийг үнэлж вакциндаа хамрагдаарай. Эргэлзэх зүйл байхгүй. Бид хамгаалж болох зүйлийг хийж чадахгүй явсаар хүүхдүүдээ алдаж байна. 2015, 2016 оны дэгдэлтээс маш сайн сургамж авсан. Өнөөдөр улаанбурхан өвчний тохиолдол 10300-г давж, долоон хүүхдийн амь эндсэн байна.
Эрчимт эмчилгээнд маш хүнд гурван хүүхэд эмчлүүлж байна. Өвчлөлийн зураглалыг харвал гадуур их явж байгаа 17-оос дээш насны залуучуудын өвчлөл нэмэгдэж байгаа. Өвдсөн хүмүүс нь 2 нас хүртэлх тунгаа гүйцэд аваагүй хүүхдүүдэд халдвар тараагаад байна. Тиймээс бяцхан үрсээ иймэрхүү золиос болгож болохгүй. Удахгүй наадам болж, олон хоног амарна. Бүгдээрээ сайхан тайван амарцгаая. Өвчин зовлонгоос айж эмээхгүй, вакциндаа хамрагдчихаад сайхан наадъя" гэлээ.
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоолоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Барбадос, Ботсвана, Эсватинийн хаант улс, Бүгд найрамдах Тринидад ба Тобаго улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо хангалаа. Манай улс дээрх дөрвөн улсаас бусад НҮБ-ын гишүүн орнуудтай бүгдтэй нь дипломат харилцаа тогтоогоод байлаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ талаар хэлэхдээ "НҮБ-ын бүх гишүүн улстай дипломат харилцаа тогтоосон улс орон цөөн байдаг бөгөөд энэ нь манай улсын идэвхтэй дипломат үйл ажиллагаа, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын чухал илэрхийлэл" гэсэн юм.