Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр "Жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр дутах нөхцөл үүслээ. 2025 оны тавдугаар сарын 14-н хүртэл нүүрсний үнэ тонн тутамдаа 110 юаниар унасан бол тавдугаар сарын дундаас 120-130 юаниар унасан нь төсөвт хүчтэй нөлөө үзүүлнэ.
Тавдугаар сарын 31-ний байдлаар төсвийн гүйцэтгэл 259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсөвт гар хүрэхгүй байдлаар аль болох зардлаа танаж явсан. Тавдугаар сарын эцэст хүртэл зардлаа 25 хувиар танаж ирсэн тул төсвийн алдагдал бага гарсан. 3.3 их наядын алдагдлыг бууруулах зардлаа танах хуулийн үзэл баримтлалтай төсвийн тодотгол оруулж ирнэ. Гэхдээ тодотгол дээр гурван зүйлд буцааж зардал гаргахаас аргагүй болж байна. Тухайлбал, ДЦС3-т гарсан ослын дараа Эрчим хүчний яамнаас 122 тэрбумыг буцааж тодотголд тавих санал ирснийг хоёр талаасаа ярилцаад 78 тэрбум болгосон. Мөн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалж газрын тосны хомсдол үүсэж болзошгүй тул Засгийн газрын нөөц хөрөнгө дээр 50 тэрбум төгрөг нэмж тавихаар шийдвэрлэлээ. НҮБ-д хүлээсэн үүргийн дагуу манай улс COP 17-г зохион байгуулна. Гэвч Байгаль орчны яам тавдугаар сарын 30-ны дотор худалдан авалтаа зохион байгуулж чадаагүй. Энэ мөнгийг ирэх оны төсөвт тавина.
Төсвийн тодотголыг ард иргэдийн нуруунд үүрүүлэхгүй. Хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр рүү гар дүрэхгүй. Тэдний орлогод нөлөө үзүүлэхгүй байдлаар төсвөө тодотгоно" гэв.