“Хан Хэнтий аварга” дэвжээний наадмын сорилго барилдаан өчигдөр боллоо. Тус барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 64 хүчтэн зодоглон, наадмын өмнөх бэлтгэлээ дүгнэж, бие бялдар, уран мэх, барилдааны ур чадвараа сорин өрсөлдлөө. Барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын харцага Г.Бадрах үзүүрлэсэн байна. Сорилго барилдааныг үзэж сонирхохоор Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Дэлхийн аваргын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч, сумдын Засаг дарга нар, мөн Хэнтий нутгаас төрөн гарсан хурандаа нар, урлаг соёлын төлөөллүүд хүрэлцэн ирж, бөхчүүдийг дэмжин, үзэгч түмэнтэй хамт баяслаа.