Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний яаманд ажиллалаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "“ДЦС-3” ТӨХК-д ослын хохирлын хэмжээг шууд тодорхойлоход арай эрт байна. Дахиад долоо хоног хэрэгтэй байна. Өчигдөр ЦЕГ, ТЕГ-аас ослын газарт нэвтэрч, дүгнэлт гаргах бололцоо авсан. Одоо холбогдох камеруудыг суулгаж байна. 24 цагийн туршид, камерын дор гэмтсэн турбиныг задална. Ослын шалтгааныг тодруулах ажил хийгдэнэ. Энэ ажлыг хууль, хяналтын байгууллагатай цуг хийнэ. Хүсэлтээ өгсөн. Бид ирэх долоо хоногтоо багтаагаад ослын шалтгааныг тодорхой болгож, цаашид сэргэн босгох төлөвлөгөөг эцэслэнэ.

Урьдчилсан байдлаар дүгнээд хэлэхэд байшингийн гэмтэлд долоо тэрбум орчим төгрөг, дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг горимоос зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу шилжүүлэхэд 8.5 тэрбум төгрөг шаардлагатай. Гэмтсэн есдүгээр турбины суурь гайгүй гэсэн дүгнэлт гарах юм бол суурин дээр нь шинэ турбин үйлдвэрлэнэ. Эрчим хүчний салбарт тоноглол үйлдвэрлэдэг 13 компаниас үнийн санал авахаар хандчихсан байгаа. Ойрын өдрүүдэд үнийн санал ирчихнэ. Засгийн газарт танилцуулна” гэв. 

Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрчим хүчний сайдын үүрэг даалгавраар ажлын хэсэг гаргах байх. Техник, тоног төхөөрөмжийн юм уу, хувь хүний хариуцлагатай холбоотой асуудлууд шалгагдаж байна. Энэ нөхцөл байдал нь эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт шалгалт, хөндлөнгийн хяналт шалгалтыг нэг талаараа хийдүүлж, нөгөө талаараа давхардуулж, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулах болсон байна гэж дүгнэж байна.

Сэргээгдэх эрчим хүч, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гээд ер нь л эрчим хүчний салбарт ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй, аль эсвэл албан тушаалын зөрөлдөөнөөс үүдэлтэй зөрчилдөөн сүүлийн 20-иод жил явж ирсний улмаас V цахилгаан станц барих асуудал одоо хүртэл тасалдсан.

Миний мэдэхээр Тавантолгойн цахилгаан станц барина гээд шийдэж байсан. 1987 онд таван жилийн төлөвлөгөө хэлэлцэж байх үед Багануурын цахилгаан станц барих шийдвэрийг Засгийн газар гаргаж байсан юм билээ. Засаг төрийн шилжилт болоод энэ асуудал хаягдсан. Тэр үед л төлөвлөгдөж байсан. Тэр төлөвлөлтийг Тавантолгойн цахилгаан станц зөрчсөн. Барих газраа хүртэл шийдчихсэн байхад Багануурын цахилгаан станц барина гээд л өөрчилсөн. Түүний дараа Багануурын цахилгаан станц бас болохгүй байна гээд хүчингүй болгосон. Одоо болохоор цахилгаан станцын тендер зарлагдаад л явдаггүй. Энэ бол эрчим хүчний салбарт олон жил бугшсан зөрчил. Том утгаар нь авч үзвэл Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд эрчим хүчний эрсдэл бий болгож байна.

Үе, үеийн сайдууд энэ асуудалд анхаарсаар ирсэн. Нэн ялангуяа энэ том зургийг одоогийн сайд харж, шийдэл гарцыг харж байгаа учир улираан томилсон. Нэгдсэн удирдлагатай байх зарчим нь өнөөгийн дотор байгаа бүх зургийг олж хараад прагматик байх учир удирдлагын зөрчим ёсоор зөв зохион байгуулалтад оруулах санаачилга дэвшүүлсэн учир салбарын сайдыг үргэлжлүүлж ажиллах шийдвэр гарсан. Сайдаа дэмжиж нэг толгойтой ажиллах хэрэгтэй" гэв.